ДОН БОСКО ШИНЭ ҮЕ НҮТББ-н харъяа хүүхдийн халамж, асрамжийн Дон Боско төв өнөөдөр хандивлагч, харилцагч нартаа талархах нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Тус байгууллага нь өдгөө 22 дахь жилдээ хүүхдийн асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээг анхаарал халамж хэрэгтэй, эцэг эхийн хайр халамжаар дутаж байгаа хүүхдүүдэд үзүүлсээр ирсэн байна. Тус өдөрлөгөөр 22 жилийн хугацаан дахь өсөлт, хөгжил, үйл ажиллагаа, хандивын зарцуулалт, ирээдүйд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зорилтот төслүүд зэргийг нээлттэй танилцуулж, уригдан ирсэн хүндэт зочиддоо талархлын батламж гардууллаа. Тус төв нь байгуулагдсан цагаас эхлэн 530 орчим хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 5-19 насны нийт 24 хүүхдэд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байгаа юм байна.
Өдөрлөгийн үеэр төвийн өхөөрдөм бяцхан хүүхдүүд ирсэн зочидод мэндчилгээ дэвшүүлж, хандивлагч, харилцагч нарын хайр энэрэлийн хариу болгож сэтгэл зүрхээ зориулан мэндчилсэн нь тус арга хэмжээний хамгийн сэтгэл догдлуулсан мөч байлаа.
Хүүхдийн нүдэнд төдийгүй ирсэн зочдын сэтгэлд гэрэл гэгээ цацарсан дурсамж дүүрэн, халуун дулаан уур амьсгал дүүрэн арга хэмжээ болж өндөрлөлөө.